Онцлох

Эмгэг судлалын зайн оношилгоог хөгжүүлэх төсөл үргэлжилж байна

Эмгэг судлалын үндэсний төв нь ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2018-2020 онд хэрэгжиж буй “Уушги тоосжих өвчин асбестийн шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд Хирошима Их сургуультай хамтран хийж гүйцэтгэсэн ажлуудыг танилцуулахын зэрэгцээ “ЭМГЭГ СУДЛАЛЫН ЗАЙН ОНОШИЛГОО”-г хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, зайн оношилгоог хэрхэн хийдэг, түүний давуу тал болон хамтын ажиллагааны талаар төслийн удирдлагч, профессор Коүки Инай багшийн удирдан бэлтгэсэн бичлэгийг та бүхэнд хүргэж байна.

  • Эмгэг судлалын сургалт

Уушиг тоосжих өвчин, амьсгалын замын өвчин, түүний хүндрэл болох уушигны хавдар, мезотелиома зэрэг мэргэжлээс шалтгаалах өвчний талаарх эмгэг судлалын сургалтыг Улаанбаатар хотод 2 удаа, Хирошима хотод 2 удаа хийсэн. 2018-2019 оны Улаанбаатар хот дахь сургалтад нийслэлийн төв эмнэлэг, аймгуудын нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн 48 эмгэг судлаач эмч, 3 био-анагаахын мэргэжилтэн/эс судлаач, 10 эд судлалын лабораторийн техникч, нийт 61 хүнийг хамруулсан байна. Үүнээс 21 эмгэг судлаач эмч, 1 эс судлаач, 1 молекул биологич, 3 лабораторийн техникч, нийт 26 эмч, эмнэлэгийн мэргэжилтэн Япон улсын Хирошима Их сургууль дээр мэргэжил дээшлүүлээд ирсэн байна. Эмгэг судлалын тав дахь удаагийн сургалт, семинарыг вебинар хэлбэрээр 2020 оны 09 дүгээр сарын 23, 24-нд зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

  • Зайн оношилгооны төхөөрөмж

Төслийн хүрээнд 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эмгэг судлалын төв дээр NanoZoomer-SQ зайн оношилгооны төхөөрөмжийг хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа болж, төхөөрөмжийг суурилуулсан ба Японы эмч, профессоруудаас зөвлөгөө авч ажиллаж байна. Мөн тус төвийн IT инженерийг Хамамацу хотод төхөөрөмжийг ажиллуулах сургалтад хамруулсан.

 

Хамтын ажиллагаанд талархал илэрхийлье.

 

СУРГАЛТ СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБА