ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЯПОН УЛСЫН ТОКУШИМА ИХ СУРГУУЛЬД АЖИЛЛАЛАА

A- A A+
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨЛ ЯПОН УЛСЫН ТОКУШИМА ИХ СУРГУУЛЬД АЖИЛЛАЛАА

Эмгэг судлалын үндэсний төв нь Япон Улсын Токушима их сургууль, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын дэмжлэгтэй хэрэгжиж буй SATREPS төслийн хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 17–19-ний өдрүүдэд Токушима их сургуульд ажиллаж, төслийн хэрэгжилт, хамтын ажиллагааны цаашдын чиглэл, төлөвлөгөөг хэлэлцлээ.
Айлчлалын хүрээнд дараах үндсэн асуудлуудаар санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов. Үүнд:
• Хорт хавдрын оношилгооны чадавхыг бэхжүүлэх: Эмгэг судлалын шинжилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин үеийн оношилгооны арга, технологийг нэвтрүүлэх;
• Зайн оношилгооны тогтолцоог хөгжүүлэх: Тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн дэд бүтцийг сайжруулж, орон нутаг болон төв эмнэлгүүдийн хооронд эмгэг судлалын оношилгоо, зөвлөгөө өгөх боломжийг өргөжүүлэх;
• Хүний нөөцийг чадавхжуулах: Хоёр эмч, лабораторийн мэргэжилтнийг сургаж, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх;
• Мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг: Эмгэг судлалын оношилгооны арга зүй, лабораторийн үйл ажиллагаа, чанарын хяналтын чиглэлээр Токушима их сургуулийн эрдэмтэн, судлаачдаас мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг авах;
• Эрдэм шинжилгээ, судалгааны ажил: Д вирусийн гаралтай элэгний хавдрын үүсэл, хөгжил, эмгэг жам болон оношилгооны чиглэлээр хамтарсан судалгааг өргөжүүлэх.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад эмгэг судлалын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, орчин үеийн оношилгооны технологийг нэвтрүүлэх, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, улмаар хорт хавдрыг эрт илрүүлэх, оношлох чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Эмгэг судлалын үндэсний төв нь олон улсын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Монгол Улсын эмгэг судлалын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.