2021.11.02. Улаанбаатар хот
Эрүүл мэндийн яамны харьяа Эмгэг судлалын үндэсний төв нь Эрүүл мэндийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үйлчлүүлэгчийн хэрэгцээ ба хүлээлтэд нийцсэн эмгэг судлалын тусламж үйлчилгээг олон улсын стандартын дагуу нотолгоонд тулгуурлан үзүүлж, тасралтгүй сайжруулах, мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, ил тод байдлыг хангах, үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, сургалт сурталчилгаа явуулах, дотоод ажил үйлчилгээг чанартай явуулах зорилгоор олон улсын MNS ISO 9001:2016 стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг 2020 оноос эхлэн үе шаттайгаар, холбогдох стандартаар тогтоосон шаардлагын дагуу нэвтрүүлж эхэлсэн юм.
Өнөөгийн байдлаар эмгэг судлалын салбар, тогтолцооны хэмжээнд Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн салбар нэгж байхгүй бөгөөд улсын хэмжээнд уг тогтолцоог бий болгохоор шийдвэр гарч холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Бид байгууллагынхаа эрхэм зорилго, хэтийн зорилго, эрхэмлэх үнэ цэнэ, чанарын бодлого, чанарын зорилтыг тодорхойлж, шилдэг мэргэшсэн, үнэнч ёс зүйтэй, хамтын ажиллагааг дэмжигч, эелдэг тусч, эрч хүчтэй, бүтээлч санаачлагатай хамт олон байхаа илэрхийлж баримтжуулав.
Манай төвөөс үйл ажиллагаандаа олон улсын ISO 9001:2015 стандартад нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх стратегийн ач холбогдол бүхий шийдвэрийг 2021 онд албан ёсоор зарлан олон нийтэд тунхагласнаар эрүүл мэндийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эрүүл мэндийн байгууллага, иргэд, хэрэглэгчдийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх, чанартай үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэн тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн төлөөх тасралтгүй сайжруулалтын ухамсарт хандлага эмгэг судлалын байгууллага, эмч, мэргэжилтэн, ажилтнуудын харилцааны болон үйлчилгээний соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар хүчин чармайлт гаргахаа нотолсон билээ.
Өнгөрсөн хугацаанд бид чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Чанарын удирдлагын хороо байгуулан, тусгай удирдамж батлан төлөвлөгөөний дагуу ажиллаж “Эмгэг судлалын төвийн үйл ажиллагааны стартеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн, шинэчлэгдсэн бүтцийн дагуу албан тушаал бүрийн процессыг тодорхойлж, эмч, мэргэжилтэн, албан хаагчиддаа стандартын зорилго, ач холбогдол, шаардлагуудын талаарх мэдлэг ойлголтыг олгох сургалтуудыг зохион байгуулж, Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын туршлагаас суралцсанаар үндсэн суурь нь болох төвийн үйл ажиллагааныхаа процессыг тодорхойлон томъёолох ажлыг Эмгэг судлалын үндэсний төвийн бүтцийн нэгж, эмч, мэргэжилтэн, албан хаагч бүрийн албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг бүрээр зохион байгуулснаар Эмгэг судлалын үндэсний төвийн үйл ажиллагааны үндсэн болон туслах процессуудыг тодруулан урсгалын диаграммаар баримтжуулж, тэдгээрийн орц, гарцуудын шаардлагуудыг Яст мэлхийн шинжилгээний аргачлалаар тодорхойллоо.
Чанарын менежментийн тогтолцоонд тогтоосон олон улсын энэхүү стандартын шаардлага нь эмгэг судлалын тусламж үйлчилгээ, үйл ажиллагаанд тавигдах шаардлага болно.
Олон улсын энэхүү стандартад Төлөвлө-Гүйцэтгэ-Шалга-Сайжруул /ТГШС/ мөчлөг болон эрсдэлд суурилсан сэтгэлгээг хослуулсан үйл явцын аргыг хэрэглэсэн. Үйл явцын энэ арга нь байгууллагын үйл явц ба тэдгээрийн харилцан үйлчлэлийг төлөвлөх боломжийг бүрдүүлнэ.
ТГШС мөчлөг нь Эмгэг судлалын үндэсний төвийн үйл явцыг хангалттай нөөц, зохих удирдлагаар хангах, мөн сайжруулах боломжийг тодорхойлж, хэрэгжүүлэх бололцоог олгоно. Эрсдэлд суурилсан сэтгэлгээ нь төвийн үйл явц, чанарын менежментийн тогтолцоог төлөвлөсөн үр дүнгээс хазайхад нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлох, сөрөг үр дагаврыг бууруулах, бий болсон боломжийг бүрэн ашиглах нөхцлийг бүрдүүлэх сэргийлэх хяналтыг хэрэгжүүлэх бололцоог олгоно.
Байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа эрүүл мэндийн салбар, эмч мэргэжилтэн, хэрэглэгчийн шаардлагыг тогтвортой хангах, үйл ажиллагаагаа ирээдүйн хэрэгцээ ба найдлагад чиглүүлэх, эрүүл мэндийн салбарын хэмжээнд цахим засаглалыг хөгжүүлэх, иргэд олон нийтийг эрсдлээс хамгаалах асуудал нь сорилтуудыг бий болгож байна. Энэ зорилтод хүрэхийн тулд эрс өөрчлөлт, инноваци хийх, дахин зохион байгуулалт хийх зэргээр алдааг засах, үйл ажиллагааг чанаржуулах арга хэмжээнээс гадна бусад төрөл бүрийн сайжруулалтын арга хэмжээг нэмж хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Эмгэг судлалын үндэсний төвд чанарын удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж, хөгжүүлэхэд эмч, мэргэжилтэн, ажилтан бүрийн санаачлага, бүтээлч хандлага, оролцоо, хүчин чармайлт эрхэм чухал болохыг онцлон хамт олныхоо нэгдмэл зорилгынхоо төлөө хамтран хөгжиж дэвжихийг Та бүхэндээ уриалж байна.
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ, АУ-НЫ ДОКТОР, КЛИНИКИЙН ПРОФЕССОР Г.УЯНГА