Бидний үйл ажиллагаа
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА
Эмгэг судлалын үндэсний төв нь эмгэг эд, эс, бүтэц судлал, онош зүй, лабораторийн шинжилгээний аргуудад тулгуурлан эмгэг судлалын онош тавьж, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмнэлзүйн эмч нарын оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх, эмгэг судлалын тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд мэргэжил, арга зүйгээр хангах, байгууллагын хөгжлийн хэтийн төлөв, бодлого боловсруулах зорилго бүхий эрүүл мэндийн байгууллага юм.
Алсын хараа::
Анотомийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээгээр номхон далайн баруун бүсийн тэргүүлэгч эрүүл мэндийн байгууллагуудын нэг болно.
Эрхэм зорилго:
Олон Улсын жишигт хүрсэн, нотолгоонд суурилсан анатомийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд цогц байдлаар чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд оршино.
Үндсэн үйл ажиллагаа:
- Үйлчлүүлэгчдийн амьд ахуйн шинжилгээ /мэс заслаар тайрч авсан эд эрхтэн, онош тогтоох зорилгоор авсан дурангийн болон амбулаториор хийгдэж буй жижиг мэс ажилбар/-ний материалыг эд, эсийн түвшинд ялган оношлон, дүгнэлт өгөх
- Эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан тохиолдолд эмгэг судлалын задлан шинжилгээ хийж, эмчилгээ оношлогооны тохироог шалган баталж, эмнэлзүйн эмч нарын мэдлэг мэргэжил, хариуцлагыг дээшлүүлэх
- Онош зөрсөн болон ховор тохиолдолд эмгэг судлал-эмнэл зүйн хамтарсан зөвлөлгөөнийг хийж эмчилгээ үйлчилгээний доголдол, дутагдлыг хэлэлцэх
- Аймаг орон нутгийн эмгэг судлалын эмч, эмгэг судлалын лабораторийн техникч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
- Анатомийн эмгэг судлалын үндсэн мэргэшил олгох сургалт, эсийн эмгэг судлаач эмч, хүүхдийн эмгэг судлал, эд судлалын техникчийн төрөлжсөн мэргэшлийн сургалт, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг судлал чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт, эмгэг судлалын туслах ажилтны мэргэжил олгох сургалт, багц цагийн тасралтгүй сургалтууд зохион байгуулах
Эмгэг судлалын тусламж, үйлчилгээ:
2025 оны эхний 8 сарын байдлаар:
- Амьд ахуйн эдийн шинжилгээ 37379/23091
- Эсийн эмгэг судлалын шинжилгээ 10200/14380
- Эмгэг судлалын задлан шинжилгээ 715/-
- Иммуногистохимийн шинжилгээ 71 маркерын 6086/101, маркерын 7808
- Гистохимийн шинжилгээ 3043 хүний 6086/3902, хүний 7808
- Байран туяаралт эрлийзжүүлэг FISH 6 проб/14 пробоор оношилгоо хийгдсэн байна.
2025 оны онцлох үйл ажиллагаа:
Төв нь шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд суурилсан дэвшилтэт технологи шингэсэн, инноваци бүхий оношилгооны хүртээмж, эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх шийдвэрийн хүрээнд Монгол Улсад FISH (Fluorescence In Situ Hybridization буюу Байран туяаралт эрлийзжүүлэг) шинжилгээний аргыг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх бэлтгэл ажлыг үе шаттайгаар ханган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд HER2, ALK, ROS1, EGFR, TP53, MYC хавдрын рецептор үнэлэх, мутац илрүүлэхэд зориулсан пробуудыг түргэвчилсэн болон уламжлалт FISH шинжилгээний аргачлалуудыг ашиглан туршилт, дадлага хийж, амжилттай гүйцэтгэж байна. Энэ нь цаашид гадаад орныг зорьж эмчлүүлэх үйлчлүүлэгчдийн урсгалыг багасгахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Япон Улсын Хирошима хотын Хирошима их сургууль, АНУ-ын Нью Орлеанс хотын Хүүхдийн эмнэлэг, БНСУ-ын Улсан хотын Улсаны их сургуулийн эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудаас телепатологоор зөвлөгөө авах, зайн оношилгооны чадамжийг дээшлүүлэн ажиллаж байна.
Өвчлөл өндөртэй бүс нутагт оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Орхон БОЭТ, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын тасагт WinViewer слайд сканнер суурилуулснаар эд, эсийн эмгэг судлалын шинжилгээг цахимаар илгээж, бодит цагийн горимоор оношлох боломж бүрдэв. Туршилтын ажлын үр дүнд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны байдлаар ходоодны хорт хавдрын хоёр тохиолдлыг алсын зайн оношилгоогоор амжилттай оношилж, цаашдын эмчилгээний шийдвэрийг гаргасан байна.
Энэхүү үйлчилгээ нь цаашид бусад аймаг, орон нутгийн эмгэг судлалын тасгуудад хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд улсын хэмжээний лавлагаа шатны төвийн зөвлөх, тэргүүлэх, ахлах зэрэгтэй эмч нараас шуурхай зөвлөгөө авах, ур чадвар дээшлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж буй нь орон нутгийн оношилгооны чанарыг сайжруулах стратегийн шинэ алхам болж байна.
Америкийн Нэгдсэн Улсын эмгэг судлалын эмч нарын коллежийн Хорт хавдрын 101 протокол (1724 хуудас)-оос 14 протоколыг орчуулаад байна.
Иммуногистохимийн панелыг үүсгэлээ.
Эмгэг Судлалын Үндэсний Төв нь 1973 онд байгуулагдсан цагаас хойш Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр эрхлэн гаргадаг “ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТ” номонд эмгэг судлалын тусгай бүлэггүй байсан. Эрүүл мэндийн үзүүлэлт-2024 номонд Бүлэг 13. Эмгэг судлалын тусламж, үйлчилгээ гэсэн бүлэгтэй боллоо.
Гүрэн Софт ХХК-тай хамтран 2025 оны 3 сараас эхлэн үүлэн технологид суурилсан Ай-хоспитал программ нэвтрүүлснээр эд, эс, мэс заслын амьд сорьцын шинжилгээний дээж хүлээн авах, хариу шивэх, илгээх зэрэг үйл явцын шат дамжлага буурч, цааснаас цахимд шилжин үйлчүүлэгчид шинжилгээний хариу очих хугацаа богиносож, үйлчлүүлэгчийн аюул байдал бүрэн хангагдсан. Ай-хоспитал цахим программ хөгжүүлэлтийг амжилттай хийж гүйцэтгэж байна.
Эмгэг судлалын шинжилгээнд ашиглагдах урвалж бодис, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авах болон обьектын харуул хамгаалалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэх аж ахйн нэгжийг сонгон шалгаруулж ажилласан. 2025 онд ЭСҮТ/20250102001 дугаартай “Лабораторийн тоног төхөөрөмж”, ЭСҮТ/20250102004 дугаартай “Эм, бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл”, ЭСҮТ/20250203005 дугаартай “Харуул хамгаалалтын үйлчилгээ” худалдан авах тендерийг зарлаж Тендерийг үнэлэхдээ харьцуулах үнийн аргыг ашиглаж ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу “хамгийн сайн тендер”-ээр үнэлэгдсэн оролцогчтой гэрээ байгуулан ажилласан.
ЭСҮТ-ийн эмч нарын өрөөний засварын ажлыг Кайзэн пийк констракшн ХХК-аар гүйцэтгүүлсэн бөгөөд холбогдох хууль журмын дагуу үнийн санал авч, төвийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж ажилласан.
Хүний нөөц:
Манай төв нь 2 зөвлөл, 6 албаны үялдаа холбоо бүхий нэгдмэл зохион байгуулалтыг хангаж ажилладаг. 2 зөвлөх эмч, 14 эмгэг судлаач эмч, 2 био-анагаахын мэргэжилтэн, эс судлаач, 3 био-анагаахын мэргэжилтэн, лабораторийн технологич, 13 лабораторийн техникч, 1 туслах ажилтан болон бусад ажилтнаас бүрдсэн 70 хүний бүрэлдэхүүнтэй ба манай эвсэг хамт олон үйлчлүүлэгчдээ чанартай, ээлтэй, тэгш хүртээмжтэй эмгэг судлалын тусламж, үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.
Чанарын баталгаажилт, хяналт:
- Чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 стандартыг 2022 оноос хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба 2025 онд давтан баталгаажуулалтад амжилттай хамрагдсан.
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний технологи, чанарын шаардлагыг хангаж 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЭМЯ-ны Магадлан итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай авсан. Батламж №346/2024
- Олон улсын итгэмжлэгдсэн байгууллага болох Австраль улсын Эмгэг Анатомийн Рояль Коллежийн чанарын үнэлгээний хөтөлбөрт 2019 оноос хойш жил бүр тогтмол хамрагдан ажилладаг.
- Чанарын гадаад хяналтын цахим тогтолцоог бэхжүүлэн ажиллах хүрээнд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд оношилгооны эмгэг судлалын чанарын гадаад хяналт, үнэлгээг хагас жил тутамд хийн ажиллаж байна.
- Химийн хортой, аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл
Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа
- Эмгэг Судлалын Үндэсний Төв нь Шинжлэх Ухааны Академийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн хавдрын эмнэлгийн ӨМӨЗО-ы салбар эмнэлэг, БНСУ-ын Улсаны Их Сургуулийн Эмнэлэг (УИСЭ)-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
- Эмгэг Судлалын Үндэсний Төвийн эмч нар Бээжингийн их сургуулийн хавдрын эмнэлэг (pkuch)-ийн Бүс ба зам” олон улсын солилцооны хөтөлбөрт оролцлоо. Хөтөлбөрийн хүрээнд эмч нар хавдрын эмгэг судлалын чиглэлээр шинэлэг оношилгоо, эмчилгээний арга зүй, эмчилгээ, үйлчилгээний менежмент, Олон Улсын хамтын ажиллагааны загваруудтай танилцаж, эмнэлгийн анатомийн эмгэг судлалын лабораторийн үйл ажиллагаа, дижитал цахим технологийн хэрэгжилтийн талаар суралцаж, туршлага судалсан.
- Эмгэг Судлалын Үндэсний Төв болон БНСУ-ын Улсан Их Сургуулийн Эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч АУ-ы доктор, профессор Чой Хей Жон 2025 оны 6 сарын 02-оос 6 сарын 27-ны хооронд тус төвд ажиллалаа.
- Эмгэг Судлалын Үндэсний төвийн эмч, мэргэжилтэн Бээжингийн их сургуулийн хавдрын эмнэлгийн ӨМӨЗО-ы салбар эмнэлэгт суралцан ирлээ. Сургалтын хүрээнд хавдрын эдэд хромосомын тоон болон бүтцийн хэвийн бус өөрчлөлт, генийн делеци болон амплификаци (олшрол)-ийг илрүүлэх, мэдрэг болон өвөрмөц чанар өндөр байран туяаралт эрлийзжүүлэг (FISH) шинжилгээг гардан хийх дадлага, хагас автомат төхөөрөмжөөр эдийн шинжилгээг будах, хавдрын эдийн дохиог таньж ялган оношлох зэрэг мэдлэг, туршлага хуримтлуулсан байна.
- “ЭМГЭГ СУДЛАЛ-ЭРДЭМ СУДЛАЛ” эрдэм шинжилгээний хурал “ANATOMICAL PATHOLOGY VISION-2025” 2025 оны 07 сарын 01-03-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
ХОЛБОО БАРИХ, ХАЯГ:
Хаяг: 14210 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
Энх тайвны гудамж 1
Утас: 976-11-311377 Факс: 976-11-313820
Э-шуудан: emgegsudlal@gmail.com
Вэб: http://pathology-center.gov.mn
БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА


