Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баярын өдрийг НҮБ-ын зүгээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх тэгш байдлыг бий болгоход уриалах албан ёсны баяр гэж тооцдог аж.
Энэ өдрийг хамгийн анх 1908 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд анх АНУ-ын Нью Йорк хотод 15.000 орчим эмэгтэйчүүд бага цагаар ажиллаж, эрчүүдтэй ижил цалин авч, сонгууль өгөх эрхийнхээ төлөө жагсаал хийсэн байна. Үүнээс нэг жилийн дараа Америкийн социалист намын санаачилгаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Харин олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Данийн нийслэл Копенгаген хотод болсон олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Зеткин гэх эмэгтэй санаачилжээ. Ингээд хамгийн анх 1911 онд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Австри, Дани, Герман болон Швейцар улсуудад тэмдэглэсэн байна. Гэхдээ тухайн үед энэ өдрийг тэмдэглэх яг тогтсон өдөр гэж байгаагүй бөгөөд 1917 онд Орост дайнаас болж хохирсон олон мянган эмэгтэйчүүд “Талх ба эрх чөлөө” хэмээх ажил хаялтыг зарласан байна. Харин энэ үйл явдлаас дөрвөн хоногийн дараа Засгийн газар эмэгтэйчүүдийг саналыг шийдвэрлэж, сонгууль өгөх эрхийг нь хүртэл нээж өгсөн юм. Энэ өдөр нь гуравдугаар сарын 8 байсан бөгөөд үүнээс хойш олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу "Мартын 8"-ныг тэмдэглэх албан ёсны өдөртэй болжээ.
Монгол Улсын хувьд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилж өргөн дэлгэр баярлан өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1979 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 34/180 дугаар тогтоолоор баталсан “Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-д нэгдэж 1981 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон билээ. Ингээд Монгол улс ардчилсан, хүмүүнлэг иргэний нийгэмд шилжиж 1992 онд ардчилсан Үндсэн хууль батлагдсанаар хүний эрх, эрх чөлөөнд томоохон өөрчлөлт гарахын зэрэгцээ охид, эмэгтэйчүүдийн бүхий л эрх, эрх чөлөө чөлөөтэй болсон юм. Өнөөдөр шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрх хамгаалагчийн эрхзүйн байдлын тухай хууль, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль зэрэг олон арван хууль тогтоомж, олон улсын нэгдэн орсон гэрээ хэлэлцээрээр охид, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг бататгаж, гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хүйсийн эрх тэгш байдал, улс төр, үзэл бодлоо илэрхийлэх, хөдөлмөрлөх зэрэг эрх, эрх чөлөөг тусгайлан хамгаалан зохицуулж байна.
ЭМГЭГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН АЛБА