Эмгэг Судлалын Үндэсний Төвийн АУ-ы магистр, эмгэг судлаач эмч Г.Ганхүү, АУ-ы магистр, эмгэг судлаач эмч Х.Удвал нарын орчуулан хэвлүүлсэн Амстердамын зөвшилцлийн удирдамж “Ихсийн эмгэг судлал” гарын авлагын нээлтийн үйл ажиллагааг “Дэлхийн эмч нарын өдөр”-т тохиолдуулан амжилттай зохион байгууллаа.
Тус гарын авлага нь 2014 онд Амстердам хотод зохион байгуулагдсан олон улсын семинарын хүрээнд боловсруулагдсан зөвшилцлийн удирдамж юм. Дараагаар 2015 онд Австралийн Аделаидын Их Сургуулийн Эмэгтэйчүүд, Хүүхдийн Эмнэлгийн профессор T.Yee Khong -ын тэргүүтэй “Ихсийн эмгэг судлал” гарын авлагын удирдамжыг хэвлүүлэн нийтэлснээр бүрэн ашиглах боломжтой болсон юм.
“Ихсийн эмгэг судлал” гарын авлагыг орчуулан гаргаснаар эрүүл мэндийн салбарт ихсийн эмгэгийн эмнэлзүй ба эмгэг судлалын уялдаа холбоог сайжруулж, жирэмсний сөрөг үр дагаварыг үнэлэх мөн анатомийн эмгэг судлаач эмч нарт ихсийн ба перинаталь эмгэг судлалын шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад туслах ихээхэн ач холбогдолтой болоод буй юм.
Цаашлаад эх барих, эмэгтэйчүүд, нярайн эмч нар болон тус чиглэлээр мэргэжил эзэмшихээр суралцдаг резидент эмч нар ашиглах бүрэн боломжтой болж байгаа нь туйлын талархууштай юм.
Гарын авлагын хянан тохиолдуулагчаар АУ-ы доктор, профессор Э.Баярмаа, орчуулгын хянан тохиолдуулагчаар АУ-ы доктор, анатомийн эмгэг судлаач эмч Ц.Батчимэг нар тус тус хамтран ажиллажээ.
Бүтээлийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүд, дэмжлэг туслалцаа үзүүлсэн ЭСҮТ-ийн хамт олон, орчуулгын бүтээлийг туурвисан баг хамт олонд талархал илэрхийлье.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгэ, гадаад харилцааны алба