2022 оны 03 сарын 17-ны өдөр Эмгэг судлалын үндэсний төв (ЭСҮТ)-ийн Ерөнхий захирал Г.Уянга болон Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийн Ерөнхий захирал Н.Цогбадрах нар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран гүйцэтгэх, үр дүн хуваалцах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг солилцлоо.
Тус санамж бичиг нь үндэсний төвүүд эрдэм шинжилгээ, судалгааны ажил дээр хамтран ажиллах, шаардлагатай сорьц, материалыг харилцан нийлүүлэх, судалгааг орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт техник, технологи ашиглан гүйцэтгэхэд судлаачид харилцан туслалцах суурь боллоо.
Түүнчлэн энэхүү санамж бичиг нь тусгай мэргэжлийн төвүүд эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах анхдагч санаачлага болж буйг Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга дурдаад, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах дэлхий дахинаа зоонозын халдвар өсөн нэмэгдэж буй өнөө үед нотолгоонд суурилсан шинжлэх ухааныг хөгжүүлэхэд молекул биологийн шинжилгээ болон эд судлалын шинжилгээний ач холбогдолыг дурдаад хамтын ажиллагаанд амжилт хүсэв.
Талууд санамж бичгийн хүрээнд “Хүний бэтгийн үүсгэгчийн нуклеотидын дарааллыг тогтоох судалгаа”-нд хамтран ажиллах гэрээг ЭСҮТ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны дарга Ц.Батчимэг, ЗӨСҮТ-ийн судалгааны багийн ахлагч, амьтан судлаач Ц.Баяр нар байгуулж, хоёр байгууллагын захирал нар баталгаажууллаа.
Хамтын ажиллагаанд амжилт хүсэе.
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба