Эрүүл мэндийн яамны урилгаар Монгол Улсын хавдрын тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чадамжийг тогтоох, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох зорилгоор Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA), Олон улсын хавдрын хяналтын холбоо (UICC)-ны хамтарсан баг манай улсад ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд олон улсын шинжээчид, зөвлөх Анна Кабанес, техникийн ахлах Сумитра Кришнамутри Реддиар нар Эмгэг судлалын үндэсний төвийн удирдлагуудтай 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр уулзаж, Монгол Улсад хавдрын тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, оношилгоо, эмчилгээний чадамж, тулгамдаж буй асуудал болон хөгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Багийн зүгээс хавдрын тусламж үйлчилгээний хөгжлийг дэмжих хүрээнд сургалт, хүний нөөцийг чадавхжуулах, багаж тоног төхөөрөмжийн хангалт, бусад шаардлагатай дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо танилцуулж, ялангуяа хүний нөөцийг чадавхжуулах сургалтын чиглэлд идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, бодлогын түвшний цогц шийдлийг боловсруулахад чухал ач холбогдолтой алхам боллоо.