Монгол Улсын баруун бүсийн хүн ам ихтэй, төвлөрсөн аймгуудын нэг болох Увс аймаг нь хорт хавдрын өвчлөлөөр улсын хэмжээнд дээгүүр байрт ордог. Хавдар судлалын үндэсний төвийн “Хорт хавдрын үзүүлэлт” номд дурдсанаар, Монгол Улсын хорт хавдрын нийт өвчлөл 100,000 хүн амд 214.1 байгаа бол Увс аймагт энэ үзүүлэлт 293.3 байна.
- Ходоодны хорт хавдрын өвчлөл Монгол Улсад дэлхийн дунджаас 4 дахин өндөр, Увс аймаг улсын дунджаас 2 дахин өндөр үзүүлэлттэйгээр 21 аймгаас нэгдүгээрт орж байна.
- Улаан хоолойн хорт хавдрын өвчлөл Монгол Улсад дэлхийн дунджаас 3 дахин, Увс аймаг улсын дунджаас 3 дахин өндөр үзүүлэлттэйгээр мөн нэгдүгээрт жагсаж байна.
- Уушигны хорт хавдрын өвчлөлөөр Увс аймаг улсын дунджаас 1.6 дахин өндөр буюу гуравдугаарт бичигдэж байна.
Өвчлөл өндөртэй бүс нутагт оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яам алсын зайн оношилгоо болон телепатологийн тусламж үйлчилгээг шат дараатай нэвтрүүлж байна. 2025 онд Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын тасагт WinViewer слайд сканнер суурилуулснаар эд, эсийн эмгэг судлалын шинжилгээг цахимаар илгээж, бодит цагийн горимоор оношлох боломж бүрдэв.
Туршилтын ажлын үр дүнд 2025 оны 9 дүгээр сарын 15-ны байдлаар ходоодны хорт хавдрын хоёр тохиолдлыг алсын зайн оношилгоогоор амжилттай оношилж, цаашдын эмчилгээний шийдвэрийг гаргасан байна.
Энэхүү үйлчилгээ нь цаашид бусад аймаг, орон нутгийн эмгэг судлалын тасгуудад хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд улсын хэмжээний лавлагаа шатны төвийн зөвлөх, тэргүүлэх, ахлах зэрэгтэй эмч нараас шуурхай зөвлөгөө авах, ур чадвар дээшлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж буй нь орон нутгийн оношилгооны чанарыг сайжруулах стратегийн шинэ алхам болж байна.