Монгол Улсын эмгэг судлалын салбар, шинжлэх ухааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр, олон жилийн үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийг нь өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан Монголын эмгэг эд, эс судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Готовын Уянга танд Эмгэг судлалын үндэсний төвийн хамт олноос халуун баяр хүргэе.
Эмгэг Судлалын Үндэсний Төвийг 9 жилийн турш амжилттай удирдан чиглүүлж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Удирдлагын хугацаанд тус төвийг олон жил түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн нөхцөлөөс гарган, өөрийн байртай болгон бэхжүүлсэн нь салбарын хөгжилд томоохон ахиц дэвшил болсон юм. Мөн бүтцийн оновчтой шинэчлэл хийж, тасгуудын зохион байгуулалтыг сайжруулснаар эмнэлзүйн болон эдийн засгийн үр ашгийг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн байна.
Иммуногистохимийн шинжилгээг нэвтрүүлж, оношилгооны чанар, нарийвчлалыг шинэ шатанд хүргэж, 2018 онд зайн оношилгооны шинэ үеийг эхлүүлэн слайд сканнерын технологийг амжилттай нэвтрүүлсэн нь салбартаа шинэлэг, чухал алхам болсон билээ.
Таны олон жилийн уйгагүй хөдөлмөр, өндөр мэдлэг чадвар, залуу мэргэжилтнүүдийг бэлтгэн хөгжүүлсэн үйл хэрэг нь салбарын хамт олны бахархал юм.
Цаашдын эрдэм шинжилгээ, оношилгоо, эмчилгээ үйлчилгээний ажил үйлс нь улам өргөжин тэлж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байхыг хүсэн ерөөе.




.png)
