ГЕРМАНЫ АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ АЛБАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ, ЭМГЭГ СУДЛАЛЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА

A- A A+
ГЕРМАНЫ АХМАД МЭРГЭЖИЛТНИЙ АЛБАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ, ЭМГЭГ СУДЛАЛЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЖ БАЙНА

2025 онд эхэлсэн Эмгэг судлалын үндэсний төв болон Германы Ахмад мэргэжилтний алба (SES)-ны хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж, 2026 онд эмгэг судлалын салбарын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хоёр дахь ахмад мэргэжилтэн Монгол Улсад ажиллаж байна.

 

2026 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс Германы Ахмад мэргэжилтний албаны шугамаар Гёттингенийн их сургуулийн (University of Göttingen) профессор Ласло Фюзеси (Prof. Laszlo Füzesi) Эмгэг судлалын үндэсний төвд 3 долоо хоногийн хугацаатай ажиллаж байна.

Профессор Ласло Фюзеси нь эдийн макро зүсмэг бэлтгэх техник, хоол боловсруулах замын эмгэг судлал, молекул патологийн оношилгоо, тэр дундаа хавдрын молекул генетик болон FISH (Fluorescence In Situ Hybridization) технологи чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, практик сургалт явуулж, төвийн хүний нөөцийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

 

Энэхүү айлчлал нь 2026 онд SES-ийн шугамаар Эмгэг судлалын үндэсний төвд ажиллаж буй хоёр дахь ахмад мэргэжилтэн болж байгаа бөгөөд өмнө нь 2026 оны 3 дугаар сард Германы ахмад мэргэжилтэн, профессор Томас Шрадер (Prof. Thomas Schrader) 4 долоо хоногийн хугацаатай ажиллаж, дижитал патологийн чиглэлээр сургалт, зөвлөх үйл ажиллагаа хэрэгжүүлсэн юм.

Ийнхүү SES-ийн дэмжлэгтэйгээр 2026 онд дижитал патологиоос эхлээд молекул патологийн оношилгоо, FISH технологи зэрэг эмгэг судлалын орчин үеийн оношилгооны чиглэлүүдэд олон улсын туршлага, мэдлэгийг Монгол Улсад нутагшуулах боломж бүрдэж байна.

2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Германы Ахмад мэргэжилтний албаны Монгол Улсыг хариуцсан менежер ноён Ходак (Mr. Hodak) болон Монгол дахь төлөөлөгч Эрдэнэчимэг нар Эмгэг судлалын үндэсний төвд ажиллаж, төвийн үйл ажиллагаа болон хэрэгжиж буй хамтын ажиллагааны үр дүнтэй танилцлаа.

 

Уулзалтын үеэр SES-ийн ахмад мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хэрэгжиж буй сургалт, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний үр дүн, цаашид эмгэг судлалын оношилгооны чиглэлээр хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, орчин үеийн технологийг нутагшуулах, мэргэжлийн сургалт, туршлага солилцооны үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх боломжийн талаар санал солилцов.

Эмгэг судлалын салбарт өндөр түвшний мэргэшсэн хүний нөөцийг хөгжүүлэх нь оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах төдийгүй орчин үеийн оношилгооны технологийг Монгол Улсад нутагшуулах чухал ач холбогдолтой юм.

Эмгэг судлалын үндэсний төв болон Германы Ахмад мэргэжилтний албаны хамтын ажиллагаа ийнхүү мэдлэг, туршлага хуваалцахаас практик сургалт, технологи нутагшуулах, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх чиглэлд өргөжин, цаашид эмгэг судлалын салбарын хөгжлийг дэмжсэн үр дүнтэй түншлэл болон үргэлжилж байна.

Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны алба