БНХАУ-ын Гуанжоу хотноо 2026 оны 09 дүгээр сарын 4–6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “The 15th China Rare Disease Summit 2026” буюу “Хятадын Ховор тохиолдлын 15 дахь удаагийн дээд хэмжээний чуулган”-д Эмгэг судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэрэгтэй анатомийн эмгэг судлаач эмч, АУ-ны доктор О.Энхээ амжилттай оролцлоо.
Энэхүү дээд хэмжээний чуулганд оролцох эрхийг О.Энхээ эмч нь 2026 оны 03-р сарын 06-нд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс зохион байгуулсан “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган – VI”-д аман илтгэлийн төрөлд “Хүүхдийн гавлын суурь ясны анхдагч рабдомиосаркома” сэдвээр ховор тохиодлол танилцуулж, дэд байр эзэлснээр олгогдсон билээ.
Олон улсын түвшний энэхүү чуулганд ховор өвчний оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага, дэвшилтэт арга аргачлалыг суралцахаас гадна ховор өвчин оношлогдсон хүмүүстэй нүүр тулан уулзаж оношилгоо, эмчилгээ, асаргааны чиглэлээр туршлага солилцох боломжтой байснаараа онцлог боллоо.
Эмгэг судлалын үндэсний төвөөс О.Энхээ эмчийн цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээний үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөж, эрүүл мэндийн салбарын хөгжил, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байхыг хүсэн ерөөе.
Танд эрдэм судлалын их үйлсэд тань өндөр амжилт хүсье!




.png)
