Эмгэг Судлалын Үндэсний Төвийн захирлын 2019 оны А/18 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу аймаг орон нутгийн эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд бүсчилсэн дэмжлэгт үнэлгээ хийж, газар дээр нь очиж эмгэг судлалын хэсэг, эд, эсийн лабораторийн үйл ажиллагаанд зөвлөн туслах, мэргэжил арга зүйгээр хангах ээлжит хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж Архангай аймагт эмгэг судлаач эмч нар болон эмгэг судлалын лабораторийн техникч/лаборант/ нар ажиллаа.
Энэхүү ажлын хүрээнд Тэргүүлэх зэргийн эмгэг судлаач эмч М.Пагамдулам эмчээр ахлуулсан баг 2019 оны 6 сарын 24-26-ны өдрүүдэд аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллан, 2018 оны чанарын гадаад үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилт, эд, эс судлалын лаборатори хоорондын харьцуулалт, эмгэг судлалын лабораторийн үйл ажиллагааны үнэлгээ хийж, нийт эмч нарт танилцуулав.
Мөн эмнэлгийн дарга, холбогдох удирдлагатай нь уулзаж, эмгэг судлалтай холбоотой журам, стандартын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөв.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2016 оны 121 дүгээр тогтоолоор баталсан төлөвлөгөөнд туссан арга хэмжээ болох Улсын хэмжээнд эмгэг судлалын тусламж, үйлчилгээг сайжруулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс хийж хэрэгжүүлж, зохион байгуулж буй дэмжлэгт үнэлгээний үр дүнд тухайн орон нутгийн эмнэлгээс үзүүлж буй эмгэг судлалын тусламж үйлчилгээнд тодорхой төвшинд чанарын ахиц гарч, сайжирна гэдэгт найдаж байна.