Монгол улсын засгийн газар, эрүүл мэндийн салбарын стратегийн тэргүүлэх чиглэлд эрдэм судлалын асуудал хөндөгдөн, түүний чанар, үр өгөөжийг дээшлүүлэх талаар бодлогын арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Тухайлбал: 2015 оны 6 дугаар сард Эрүүл мэнд, спортын яам нь Монголын улсын Шинжлэх Ухааны Академийн төрөлжсөн салбар болох Монголын анагаах ухааны академитай хамртан ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Энэ нь анагаахын шинжлэх ухаан, технологийн тулгамдсан асуудлыг судлан, нотолгоонд суурилан оновчтой бодлого боловсруулан, хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох, судалгааны үр дүнг нэвтрүүлэх боломжийг олгож байгаа юм.
Энэхүү боломжийг хэрэгжүүлэхэд салбарын эмч, мэргэжилтний судалгаа хийх мэдлэг, ур чадвар ихээхэн дэмжлэг болох нь гарцаагүй юм. Иймд эмч, эмнэлгийн мэргэжилтний шинжлэх ухаанч судалгаа хийх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор Эмгэг судлалын үндэсний төв Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран “Судалгааны арга зүй” сэдэвчилсэн сургалтыг /1 багц цаг/ 2016 оны 5 дугаар сарын 27 -ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг ЭМХТ-ийн Судалгаа, төлөвлөлт, статистик мэдээллийн албаны мэргэжилтэн, Анагаах ухааны мастер, Эрүүл мэндийн удирдлагын тэргүүлэх зэрэгтэй багш Л.Ширнэн удирдан явуулж нийт 18 эмгэг судлаач эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтыг суралцагчдын оролцоог ханган, интерактив хэлбэрээр зохион байгуулсан нь нэн сониорхолтой, үр өгөөжтэй байсанд ЭСҮТ-ийн хамт олон талархаж байна.
Эмч, мэргэжилтнүүдийн эрдэм судлалын ажилд амжилт хүсье!