Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич, Монгол улсын хүний гавьяат эмч Дармаагийн Самбуупүрэв агсны мэндэлсний 85 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурал 2017 оны 06 сарын 22-нд Улаанбаатар хотноо “Корпорейт Конвейшн Центр”-ийн “Улаанбаатар” танхимд зохион байгуулагдлаа.
Энэхүү хурлыг Эмгэг судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинэ анагаах ухаан дээд сургууль, Монголын эмгэг эд, эс судлалын нийгэмлэг, Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн зэрэг нэрт эрдэмтний амьд ахуйдаа ажиллаж байсан байгууллага, хамт олон, түүний шавь нар хамтран зохион байгуулж, нэрт эрдэмтний бүтээлээр үзэсгэлэн дэлгэж, оролцогчдод танилцууллаа.
Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдээс судлаач Л.Саямаа нарын “Азооспермийн үеийн төмсөгний эдэд сперматогенезийг үнэлсэн дүн” илтгэл “Тэргүүн” байрт, Г.Ганхүү нарын “Тэмбүүгээр халдварлагдсан байх магадлалтай ураг, нярайн ихэсийн эмгэг бүтцийн өөрчлөлтийг тодорхойлсон дүн” илтгэл “Дэд” байрт, Б.Анархүү нарын “Эрт үеийн ходоодны хавдрын дурангаар салст хуулах хагалгааны эмгэг судлалын оношилгооны ач холбогдол” илтгэл “Гутгаар” байрт, О.Цолмон нарын “ЭСҮТ-ийн 2015, 2016 оны эмэгтэйчүүдийн умайн хүзүүний эсийн шинжилгээний харьцуулсан судалгаа” илтгэл Ханын илтгэлийн төрөлд тус тус шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулав.
Мөн Д.Самбуупүрэв агсны гэр бүлийн хамт олон Х.Жанибек нарын “Мэс заслаар тайрагдсан ходоодны эрт үеийн хорт хавдрын эмгэг бүтэц зүйн өөрчлөлтийг судалсан нь” илтгэлд тусгай шагнал гардуулав.