Япон улсын Гүнма их сургуулийн урилгаар Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга, ЭМЯ-ны эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор Ш.Энхтуяа, АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн эмгэг бүтэц үйл судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор Э.Баярмаа, Эмгэг судлалын үндэсний төвийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны дарга, АУ-ны доктор О.Дуламсүрэн нар 2018 оны 2-р сарын 5-аас 9-ны хооронд ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд Гүнма их сургуулийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн захирал Хироказү Мураками, профессор Ичиро Коошииши, профессор Такаюүки Сайто, профессор Томоми Ёшида нартай уулзаж, био-анагаахын технологич болон техникч нарт зориулсан төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтын орчин бүрдүүдэх, багш бэлтгэх талаар санал солилцлоо. Түүнчлэн Гүнма их сургуулийн Хүнд ионы эмчилгээний төв, Токио хотод байрладаг Роош, Сакура файнтек жапан компаниуд дээр зочилж, карбон ионы хавдрын шинэ эмчилгээ, лабораторийн шинжилгээний шинэ арга, технологиудтай танилцлаа.